ХОВД: Тавдугаар сард салхи шуурга их байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Тавдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь алтайн уулархаг нутгаар 0+6 градус, бусад нутгаар +8+12 градус дулаан байдаг.
Харин тухайн сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар их нууруудын хотгор болон алтайн өвөр говиор 0-10 мм, бусад нутгаар 10-15 мм байдаг.
Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй.
Тэгвэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх сард буюу 2025 оны тавдугаар сард агаарын дундаж температур, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Тухайн сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 1-2 градус дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градус сэрүүсэх төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа цас орж, салхи ширүүсч шороон болон цасан шуурга шуурч болзошгүй. Цаашид хур тунадас харьцангуй бага байх ба салхины дундаж хурд их байх магадлал өндөр, харин гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох магадлалтай гэж Ховд аймгйин Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Мөн тавдугаар сарын эхээр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч сэрүүсэх төлөвтэй байна. Цаашид ирэх сарын гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Тавдугаар сард салхи шуурга их байхаар байна. Иймээс цаг агаарын богино хугацааны мэдээлэлтэй өдөр бүр танилцаж, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчин, тариаланч, иргэдэд анхаарууллаа.