Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Мадрид хотноо байрладаг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын төв байранд зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Пололикашвилитай ажлын уулзалт хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын Засгийн газар эдийн засагт чухал үүрэгтэй голлох салбар болгохыг зорьж буйг онцолж, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй манай улсын зорилт, үйл ажиллагааг танилцууллаа. Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, GoMongolia үндэсний брэндийг олон улсад танилцуулж буй талаар дэлгэрэнгүй ярилцаж, Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад ойрын хугацаанд айлчлуулахаар боллоо. Айлчлалыг хэрэгжүүлэхийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхэлсэн сайд болон ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны өргөн боломж, тэргүүлэх чиглэлийн талаар ярилцахаар тохиролцов.
Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ДАЖБ-аас мэргэжлийн зөвлөмж өгч хамтран ажиллах, мөн ДАЖБ-аас зохион байгуулдаг олон улсын томоохон хурал, чуулганы үеэр Монгол Улсын түүх соёл, аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Манай улс ДАЖБ-тай хамтран тавдугаар сард Аялал жуулчлалын салбарын Ази, Номхон далайн бүсийн Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрийг Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээнд бүс нутгийн 20 гаруй улсын төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.
Энэ үеэр соёл,
тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, уг салбарын өнөөгийн чиг хандлага,
ойлголтыг гүнзгийрүүлэх, мэдлэг солилцоог дэмжих, аялал жуулчлалын бодлого,
стратегийг хэлэлцэхээр боллоо гэж ГХЯ-наас мэдээлэв.