М.Уолцыг өөр албан тушаалд томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 2 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майк Уолц, түүний орлогч Алекс Вонг нарыг огцруулсан тухай телевизийн CBS News суваг эх сурвалжуудыг эш татан мэдээллээ.
Уолцын үүрэгт ажлыг АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Марко Рубио түр хугацаанд гүйцэтгэх ажээ.
Нэгэн эх сурвалжийн ярьснаар, “Сигналгейт”
гэх дуулиан дэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас Уолц, Вонг нарыг
огцруулсан явдлыг "зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлт" гэсэн маягаар олон нийтэд
ойлгуулахаар Д.Трамп шийдсэн бололтой.
CBS News сувгийн мэдээлэлд
дурдсанаар, Уолцыг огцруулах нь гадны шахалтад автсан хэрэг болно гэж үзсэн
учраас Трамп дуулиан дэгдсэн даруйд зөвлөхөө огцруулаагүй ажээ.
Пүрэв гарагт огцруулах шийдвэр
гарснаас хойш хэсэг хугацааны дараа Д.Трамп “Уолцыг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын
төлөөлөгчийн албан тушаалд томилсноо” мэдэгдсэн байна. Тэрбээр Truth нийгмийн
сүлжээнд бичихдээ “Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд Майк Уолц
маш шаргуу ажилласан, шинэ албан тушаалд ороод үүнийг хийж чадна гэдгийг би мэдэж
байна” гэжээ.
"Сигналгейт" дуулиан
Signal гэдэг мессенжерийн чатад The
Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдбергийг оруулсны дараа Цагаан
ордны өндөр тушаалтнууд Йемений хуситуудад цохилт өгөх тухай цэргийн нууцтай холбоотой асуудлыг уг чатаар
хэлэлцэж байсан нь Америк даяар дуулиан тарьсан билээ. Асуудлыг хэлэлцэх үед чатад 18 хүн,
тэдний дотор Майк Уолц байжээ.
Тэрбээр чат үүсгэсний хариуцлагыг
өөртөө хүлээсэн бол түүнийг ажлаас нь халахгүй гэдгээ Д.Трамп мэдэгдэж байв.