ГОВЬ-АЛТАЙ: Залуус хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-02 12:05:45

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Алтайн залуус Үндсэн Хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхээр, Монгол Улсын Баатар Дүгэрийн Гуулингийн нэрэмжит Хилийн цэргийн 0214 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаахаар албандаа мордлоо. 

 

Энэ үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон аймаг, сум, багийн удирдлагууд, иргэд оролцов. Аймгийн хэмжээнд 18 сумын 88 багийн 18-25 насны залуус зарлан дуудах хуудас авч, эрүүл мэндийн үзлэг, бүртгэлд хамрагдсан юм. Цэргийн албанд тэнцсэн залуус Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит хилийн цэргийн 0214 дугаар ангид алба хаана. 

 

Тэд цэргийн албанд мордохдоо энх цагийн цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Төрийн албаны тухай хуульд орсон өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албанд ажиллах эрчүүд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шаардлага тавигдсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд алба хаах эрчүүдийн тоо нэмэгдэж байна. Мөн цэргийн үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар, сэтгэлгээ илүү төлөвшсөн, алба хаах хүсэл сонирхолтой залуусын хандлага нэмэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Ийнхүү 2025 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж буй залуус, ар гэр ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл хайраар үдүүлэн энх цагийн манаанд үүрэг гүйцэтгэхээр мордлоо.



Связанные новости