ЗАВХАН: Солонготын давааны зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-04 12:35:10

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Солонготын даваанд цас орж шуурсны улмаас замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.


Тавдугаар сарын 3-4-ний өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар хур тунадас орсон байна. Солонготын давааны орчим буюу Их-Уул, Тосонцэнгэл суманд цас орж шуурч хоножээ. 


Одоогийн байдлаар халтиргаа ихтэй, суудлын авто машин болон том оврын ачааны авто машин зорчиход хүндрэлтэй нөхцөл үүссэн байна.


Авто машин зорчих боломжгүй байгаатай холбогдуулан Их-Уул сумаас Архангайн-Тариат сум хүртэлх авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан тул жолооч, тээвэрчид та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Связанные новости