Энэтхэгийн тал Пакистанд агаарын цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-07 09:31:05

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны тавдугаар сарын 7 /BBC/. Пакистан болон тус улсын хяналтад байдаг Кашмир муж дахь есөн байршилд агаарын цохилт өгсөн гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгджээ. 


Гурван байршил цохилтод өртсөн. Долоон хүн, түүний дотор хоёр хүүхэд амиа алдсан гэж Пакистаны арми мэдэгдсэн байна. Пакистаны хяналтад байдаг Кашмирын Музаффарабад хотын оршин суугчид томоохон дэлбэрэлтээс үүдэлтэй чичиргээний улмаас нойрноосоо сэрсэн тухайгаа ВВС телевизэд ярьжээ.


Өнгөрсөн сард Кашмирт жуулчдын эсрэг халдлага үйлдсэний дараа цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан хоёрын харилцаа эрс хурцадсан юм. ВВС-гийн сэтгүүлч Жереми Боуэн хэлэхдээ, нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд дипломат арга хэмжээ авах шаардлагатай байна гэв.


Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф лхагва гаргийн өглөө Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдаан зарласан гэж тус улсын Мэдээллийн сайд мэдэгджээ.


Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирт олон арван жилийн турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсний улмаас олон мянган хүн ​​амиа алджээ. Кашмирыг Энэтхэг, Пакистаны аль аль нь өөрийн нутаг дэвсгэр гэж мэдэгдсээр ирсэн билээ.


“Энэтхэг улс зааглах шугам болон олон улсын хилийг даван цэргийн ажиллагаа явуулж байгаад ихэд санаа зовниж байна. Хүлээц тэвчээртэй байхыг хоёр улсад уриалж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдсэнийг түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик уламжилсан байна.

 


Связанные новости