Хүнсний ногоо тариалагчид урамшууллаа авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-09 10:32:43

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмын дагуу хүнсний ногоо тариалагчид зургаадугаар сарын нэгнээс урамшууллаа авна.


ХХААХҮЯ-ны мэдээлснээр урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөлд байцаа, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, навчит ногоо багтсан бөгөөд боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн тохиолдолд шар лууван, хүрэн манжин байж болох нь.


Хүнсний ногоо тариалагч өөрийн өмчлөл, эзэмшил, түрээсийн газарт тариалалт хийдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй, тариалалт, талбайн арчилгаа, пестицид, бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д хөтөлсөн, гарал үүслийн цахим гэрчилгээтэй байх ёстой. Мөн Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д нэр, регистрийн дугаараараа бүртгүүлж, урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримт үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулна.


Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд мэдээллээ бүртгүүлж. урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээх аж. 

Связанные новости