Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилсон УИХ-ын тогтоолыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-09 15:46:04

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж нарын тэргүүтэй албаныхан Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилсон УИХ-ын тогтоолыг Үндэсний аудитын газрын удирдлагуудад танилцуулав.


УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитораар С.Магнайсүрэнг томилсон. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн энэ үеэр УИХ-ын сонсгол болон Байнгын хороо, нэгдсэн чуулганы үеэр гишүүдээс хөндөж ярьсан асуудал, санал шүүмжлэлийн талаар судалж, яаралтай хариу өгөх болон бусад асуудлаар мэдээлэл, танилцуулга бэлдэх үүргийг Үндэсний аудитын газрын удирдлагуудад өгчээ.


Монгол Улсын Ерөнхий аудитор Сандагийн Магнайсүрэн 1975 онд төрсөн. Тэрбээр


• 1983-1993 онд Говь-Алтай аймгийн нэгдүгээр сургууль,

• 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй.

• 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч

• 1999-2000 онд УИХ-ын гишүүний туслах,

• 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,

• 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга,

• 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх,

• 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,

• 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга,

• 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

• 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

• 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.



Связанные новости