ДУНДГОВЬ: Үндэсний бичиг үсгийн баярыг угтаж, 6 төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн иргэд, төрийн албан хаагчид, сургуулийн
суралцагчид, багш нар Үндэсний бичиг үсгийн баяраа хийж, энэхүү баярыг угтан
зохион байгуулсан уралдаан тэмцээний шилдгүүдээ шагнаж, урамшууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар
жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гаргийг “Үндэсний бичиг
үсгийн баяр”-ын өдөр болгон орон даяар тэмдэглэдэг. Тус
аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр
энэ жил үндэсний бичигт суралцаж, түгээн дэлгэрүүлж, амжилт гаргасан иргэд,
төрийн албан хаагчид, багш, суралцагчдыг 9.5 сая төгрөгөөр урамшуулахаар
болсон.
“Үндэсний бичиг
үсгийн баяр”-ыг угтсан уралдаан, бусад үйл ажиллагаанд 15 сумаас Ерөнхий боловсролын сургуулийн
сурагчид, багш нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, аймаг, сумын
Хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүд нийт 1895 хүн оролцсон байна.
Үндэсний бичиг үсгийн баярыг тус аймгийн хэмжээнд уран
бичлэгийн уралдаан, тэргүүний, хурдан уншигч шалгаруулах, төрийн албан хаагчдын
их сорилго, цахим бичвэрийн уралдаан, нийтийн олимпиад зэрэг 6 төрлийн уралдаан,
тэмцээн зохион байгуулжээ.
Тодруулбал, “Бийрийн хэлхээ-2025” уран бичлэгийн 4 дүгээр
уралдааныг Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулиас зохион байгуулж, 51 суралцагч, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв
номын сан, Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран ерөнхий боловсролын сургуулийн
8-12 дугаар ангийн суралцагчдын дунд “Тэргүүний уншигч” шалгаруулах уралдааныг зохион
байгуулж, 9 сургуулийн 30 суралцагч оролцсон.
“Төрийн албан хаагчдын их сорилго”-ыг Сайнцагаан сумын
Эрдмийн далай сургуулийн монгол хэлний багш нар зохион байгуулж, 124 төрийн
албан хаагч, “Төрийн албан хаагчдын цахим бичвэр”-ийн уралдааныг Сайнцагаан
сумын Хүмүүнлэг сургуулийн монгол хэлний багш нар зохион байгуулж, 58 төрийн
албан хаагч оролцсон бол иргэдийн дунд болсон “Үндэсний бичгийн тээгч, түгээгч”
үйл ажиллагаанд 9 сумын 21 иргэн оролцсон байна.
Түүнчлэн үндэсний бичгийн хичээлийн хоцрогдлыг анги нийтээр нь арилгах, нөхөх, сургалтын чанарыг ахиулах зорилгоор Мандал сургуулиас зохион байгуулсан анги нийтийн олимпиадын 2 удаагийн сорилд 7 дугаар ангийн 19 сургуулийн 32 бүлгийн 716 суралцагч, 10 дугаар ангийн 20 бүлгийн 520 суралцагч оролцож, үндэсний бичгийн чадвараа шалгуулжээ.