АРХАНГАЙ: Ж.Дашпэлжээгийнх хашаандаа 170 гаруй модтой

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-05-12 11:47:31

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын ахмад настан Ж.Дашпэлжээ модны тарьц, суулгац авахаар үзэсгэлэнг зорин иржээ. Тэрбээр Хайрхан сумын “Номин намуу” хоршооноос хашлага хийх зориулалтаар 90 гаруй ширхэг шар хуайс, дөрвөн ширхэг үрэл, гүйлс мод худалдан аваад найман ширхгийг бэлгэнд авчээ. 


Өнөөдрийн авсан моднуудтайгаа нийлээд Ж.Дашпэлжээгийнх хашаандаа 170 гаруй модтой болж байгаа юм. 


Тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмждэг, мөн хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд, утаагүй цэвэр агаараар амьсгалахын тулд мод тарих дуртайгаа хэлж байлаа.


Ж.Дашпэлжээ гуайн төрсөн өдөр 5 дугаар сарын 9-нд тохиож 76 хүрч байгаа юм. Төрсөн өдрөөрөө хашаандаа ийнхүү зуугаад мод тарих гэж буйдаа тэрбээр талархаж, баяртайгаар илэрхийлж байв.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд мод, бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг энэ сарын 9-ний өдөр Г.Дэмид жанжны талбайд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 ААНБ, 3 иргэн мод бутны тарьц суулгац болон мандлын цэцэг, жимс жимсгэний үр үрсэлгээ, бордоо худалдсан юм.


Энэ жилийн тарьц, суулгацын үзэсгэлэнгийн нэг онцлог нь хашаандаа мод тарих иргэний авсан модны үнийн дүнгээс хөнгөлөх юм.


Тарьц, суулгацын үнийг хөнгөлсөн нь иргэдэд ээлтэй шийдвэр болж, хашаандаа мод тарих сэдлийг төрүүлж, үзэсгэлэнг зорьж ирсэн иргэд өмнөх жилүүдээс ч олон байлаа.


Мод тарихад модоо зөв сонгох нь чухал. Үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүс мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн сонгох, арчлах талаарх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас авч байлаа.