ДУНДГОВЬ: ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-15 16:01:48
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд Говийн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйл ажиллагааг өнөөдөр Дундговь аймагт зохион байгуулж байна.  


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа “Хамгийн сайн халамж-Хөдөлмөр эрхлэлт” уриан дор болж байна.


Энэхүү цогц үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн ажил олгогчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдэд сургалт хийж,  хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн тайлангийн сонсгол зохион байгуулах юм.


Түүнчлэн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төв, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчдын дунд хууль, эрхзүйн орчны шинэчлэл, хуулиудын уялдаа холбоог сайжруулахад тулгамдаж буй асуудлын талаар  хэлэлцүүлнэ.


Мөн энэ өдрүүдэд Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд сэргээн засах эмчийн үзлэг, оншилгоо, протез, ортопедийн үзлэг, оншилгоо хийж, захиалга авч, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм.

 

2025 оноос байнгын асаргаа шаардлагатай иргэдийн амьжиргааг дэмжих зардлыг зургаан хувь, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, жилд хоёр удаа живхний зардал 600 мянган төгрөгийг олгохоор улсын төсөвт тусгажээ.


Монгол Улсын хэмжээнд 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 16.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Харин Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1400 гаруй иргэн байгаагаас 50 гаруй хувь нь төрийн байгууллага болон хувийн хэвшилд хөдөлмөр эрхэлж байна.


Харин хөгжлийн бэрхшээлтэй 224 хүүхэд байна. Тэдгээрээс хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээнд хамрагддаг бол тулгуур эрхтний, хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явж чаддаггүй. Судалгаагаар эдгээр хүүхдүүдийн 11 хувь нь цэцэрлэгт, 45 хувь нь сургуульд явдаг бол бусад хүүхдүүдийн хувьд нийгмийн харилцаанд оролгүй гэртээ байдаг.  


Тиймээс эдгээр хүүхдүүдийн хувь эрт илрүүлэх, зам, талбай, орц, гарц, шат, ариун цэврийн өрөөний хүртээмжийг сайжруулах, багш, хамт сурдаг хүүхдүүд болон нийгмийн хандлагыг өөрчлөх, багш, эцэг эхийн сэтгэлгээ, хандлагыг сайжруулах хэрэгцээ байгааг эцэг эхчүүд болон судалгааны байгууллагаас тодорхойлжээ. 







Связанные новости