Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж, давхар хяналт тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-19 11:15:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн III хуралдаан Парис хотноо энэ сарын 15-нд болов.


Талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 11 жил завсарласны дараа сэргээж байгааг онцлов. Хуралдаанаар хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, онцгой байдал, иргэд хоорондын солилцоо, эрчим хүчний шилжилт зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, олон улс, бүс нутгийн асуудлаар баримталж буй байр сууриа харилцан танилцуулав. Түүнчлэн хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын үр дүнгээр тохирсон ажил, хамтарсан төслүүд урагшилж байгааг сайшааж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээ талууд нотоллоо.


Сайд Н.Учрал ураны төслийн үйл ажиллагаанд ил тод хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах, цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах шаардлагатай байгааг дурдаж, талууд энэ асуудлаар харилцан ойлголцолд хүрэв. Мөн Монгол, Францын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүх салбарт өргөжүүлэн тэлж, харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо биелүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.


Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж буйг тэмдэглэж, Франц Улс энэ хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ нотлов.


Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол, Францын Иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд агаарын навигацийн үйлчилгээний техник технологийн шинэчлэл хийхэд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурав. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, францын талаас Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Анн-Мари Дэкот нар тэргүүлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Связанные новости