“Huawei” өөрийн үйлдлийн систем бүхий анхны компьютероо танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2025-05-20 17:36:14

ЧЭНДҮ, 2025 оны тавдугаар сарын 20 /Anadolu/. Хятадын технологийн Huawei компани дотооддоо зохион бүтээсэн HarmonyOS үйлдлийн систем бүхий анхны компьютероо даваа гарагт танилцуулсан талаар “Global Times” сонин мэдээлжээ.


Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэндү хотод болсон үйл ажиллагааны үеэр уг компьютерыг танилцуулсан нь дотооддоо компьютерын үйлдлийн системийг хөгжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтад чухал үе шат болсныг илтгэлээ.


HarmonyOS үйлдлийн систем нь хүнд даалгавруудыг хялбархан гүйцэтгэх чадах бөгөөд 100 хуудастай PowerPoint”-ын файлыг нэг секундийн дотор нээж, олон аппликейшнийг нэгэн зэрэг хэвийн ажиллуулдаг байна. Мөн уг системд хиймэл оюун ухаан, ухаалаг функцуудыг нэвтрүүлсэн тул ашиглахад илүү хялбар ойлгомжтой ажээ.


Энэхүү компьютерыг таван жилийн хугацаанд 10 мянга гаруй инженер, 20 эрдэм шинжилгээний хүрээлэнгийн оролцоотойгоор бүтээх явцад 2700 гаруй патентыг баталгаажуулсан байна. “Huawei компани мөн даваа гарагт дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй, эвхэгддэг дэлгэцтэй арилжааны компьютер болох 18 инчийн MateBook Fold-ыг танилцуулжээ.

 


Связанные новости