ЗАВХАН: Улсын хамгаалалтад байх соёлын үл хөдлөх дурсгалуудыг үнэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-23 18:33:53

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутагт орших улсын хамгаалалтад байх соёлын үл хөдлөх дурсгалуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна.  


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05-00/00-001/05 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу энэ сарын 21,22-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх шалгалтыг урд бүсийн сумдад хийлээ.


Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт байрлах, улсын хамгаалалтад байх соёлын үл хөдлөх дурсгал "Хяларын өвөлжөөний хадны зураг”,  Шилүүстэй сумын нутагт байрлах "Дааган дэлийн цогцолбор дурсгал"-д урьдчилан сэргийлэх, хяналт хийсэн. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зургийг 2024 онд хамгаалалтын зэрэглэлд нэмсэн. Өөрөөр хэлбэл 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 дурсгалыг “Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д нэмсэн байна. Уг жагсаалтад 197 дурсгал бүртгэлтэй байдаг. 


Цагаанчулуут сумын Хяларын өвөлжөөний хадны зургийг бүртгэснээр тус аймаг улсын хамгаалалтын зэрэглэлтэй 7 дурсгалтай болсон юм.


“Хяларын өвөлжөөний хадны зураг” нь сумын төвөөс баруун урд зүгт 21 км зайд Дэлгэр багийн нутагт оршдог. Өвөлжөөний хадан дээр ан амьтан, тэрэг, ан хийж байгааг дүрсэлсэн зураг бий. Мөн энд маанийн үсэг сийлсэн байдаг.

Шилүүстэй сумын Дааган дэл хэмээх газарт орших 8 ширхэг буган чулуун хөшөөний зураг дүрслэл нь давтагдашгүй хүрлийн үеийн буган хөшөө юм. Шилүүстэй сумын төвөөс зүүн хойд зүгт 60 орчим км яваад Дааган дэл уулын ар биед хүрэл зэвсгийн үеийн оюуны соёлын гайхамшигт дурсгал бий. Хоёр эгнээ нийт найман буган хөшөө байх бөгөөд судлаачид “Дааган дэл уулын буган хөшөө” гэж тэмдэглэжээ. Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана.


Ер нь дурсгалуудыг улсын болон аймаг, нийслэлийн хамгаалалтад авснаар тухайн дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж хамгаалах ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх. Тухайн дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тиймээс бид энэ удаагийн хяналт шалгалтаар дурсгалуудын бүрэн бүтэн байдлыг удирдамжийн дагуу үнэлэх, хамгаалалтыг сайжруулахад зөвлөн туслах үйлчилгээг тухайн орон нутгийнханд үзүүллээ гэж Завхан аймгийн Соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Э.Пагмаа мэдээлэв.

Хяларын өвөлжөөний хадны зураг


Дааган дэлийн буган чулуу



Связанные новости