ГОВЬ-АЛТАЙ: Явуулын эмнэлгийн үйлчилгээ сум бүрд хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-25 17:48:32

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд эрт илрүүлэг үзлэг, явуулын эмнэлгийн оношилгоо алслагдсан баг, сумдад амжилттай хэрэгжиж байна.


Тавдугаар сарын 25-наас эрүүл мэндийн үзлэг оношилгоог хөдөөгийн иргэдэд хүргэхээр Хөхморьт сумын Овгор шар хэмээх газраас эхлүүллээ.  Мөн үеэр төрийн байгууллагууд хөдөөгийн иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, газар дээр нь шуурхай тусламж үзүүлэхээр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав. 


Энэ удаагийн үзлэг, оношилгоонд Баян-Уул сумын Баянговь, Хүйсийн говь, Дарив сумын Хужирт, Хөхморьт сумын Сангийн далай, Хүйсийн говь багуудын иргэд хамрагдлаа.


Малчид төв сууринд ирэлгүй, гэрийнхээ ойролцоо эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломж бүрдэж, олон нийт энэхүү арга хэмжээг цаг үеэ олсон, чухал санаачилга гэж онцолж байлаа. 


Ил үйл ажиллагаанд тус аймгийн удирдлагууд болон холбогдох албаны төлөөлөл оролцож, үйл ажиллагааны ач холбогдол, цаашдын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн ба Аймгийн Засаг дарга Б.Чинбат өдөрлөгт биечлэн оролцож, аймгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.


Энэхүү үйл ажиллагаа бусад сумдад шат дараатай үргэлжилнэ.

Связанные новости