УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-26 15:01:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд өнөөдөр бараалхлаа. 


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд анх удаа хэрэгжиж буйг онцолж, айлчлалын үр дүнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.


Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд үүнд парламент дахь бүлэг хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд УИХ-аас бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа тодотгов. Түүнчлэн парламентын засаглалыг бэхжүүлж, хүний эрхийг хангасан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон нийтэд ойлгомжтой иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавилаа. 


Хоёр улсын парламентад Монгол-Австрийн парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дэд даргаар Б.Батбаатар, Х.Болормаа, гишүүдээр Ж.Алдаржавхлан, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа нар ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Связанные новости