Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны V цахилгаан станц барих төслийг дэмжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжин баталлаа.
Төслийг Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав. Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт “ТЭЦ-II”-оос 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд барих уг станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Түүнчлэн CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглах юм. Төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болгон хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр буюу олон улсын практикт түгээмэл хэрэглэдэг DBFOM (Design, Build, Finance, Operate, Maintain) хэлбэрээр нэг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Энэхүү төслийн хөрөнгө оруулалт нь 658 сая ам.доллар бөгөөд сонгон шалгаруулалт зарласан байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийт төслийн хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар. Сонгон шалгаруулалт зарлана. Хувийн хэвшлүүд сонгон шалгаруулалтаар орж ирнэ. Улмаар гэрээний хэлэлцээр хийж тохиролцоно. Үүний дараа дахин НИТХ-аар асуудлыг оруулахаар төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэхгүй. 25 жилийн хугацаанд 1КВт цагийг 9.5 ам.цент үнэтэй байхаар тогтож, энэ үнийг гэрээний хугацаанд нэмэхгүй. Гэрээнд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлээс, 20 хувийг нийслэлийн төсвөөс гаргах урьдчилсан шинжилгээ хийсэн. Хөрөнгө оруулалтыг 100 хувь хэвийн хэвшил гаргах тохиолдолд гэрээнд ямар хөнгөлөлт, дэмжлэг тусгаж болох талаар дахин тохиролцох юм” хэмээн ярив.
Энэхүү төслийг ашиглалтад оруулснаар жилдээ 200 сая ам.доллар борлуулалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн эхний гурван жил үндсэн зээлээс чөлөөлөөд, сүүлийн жил долоон жилд үндсэн зээлийн төлбөрийг бүрэн төлөхөөр төлөвлөснийг албаныхан хэллээ.
Ташрамд дурдахад, энэ төслийг анх танилцуулснаас хойш 14 жилийн хугацаа өнгөрчээ. Тэгвэл өнөөдрийн танилцуулгаар тус төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.