Цахим хохирлын 27 хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-04 12:23:43

Энэ оны эхний есөн сард цагдаагийн байгууллагаас цахим орчинд хохирсон 27 гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Үүний тавыг нь прокурорын байгууллагаар хянуулахаар шилжүүлжээ.

Өнгөрсөн  мягмар гаригт "нялх хүүхдийг шил архиар солино" гээд явж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээгээр тарааж, олныг гайхшруулсан. Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгаад нэр холбогдсон ар гэрийнхэнтэй хамтран ташаарсныг мэдэгдэж уг зургийг авч, худал мэдээлэл тараасан иргэнийг шалгаж, зохих хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна. Сүүлийн үед охид, эмэгтэйчүүд фэйсбүүкээр  хүнтэй танилцаж, хувийн мэдээллээ өгснөөс эргээд дарамтлуулж, нэр хүнддээ халдуулах нөхцөл бүрдүүлсэн хэрэг ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгааг ЦЕГ-аас мэдээллээ. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээнд өөрийн хувийн мэдээллээ хэт ил тавихгүй байхыг  сануулж байна. Хэрвээ иргэд цахим орчинд хохирсон гэж үзвэл цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулах бүрэн боломжтой. Иргэд санал гомдлоо харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад өгч болно.

Ж.Батсайхан

Связанные новости