“Челси” баг Европын бүх цомыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-29 09:16:25

ВРОЦЛАВ, 2025 оны тавдугаар сарын 29 /ТАСС/. Өчигдөр Польшийн Вроцлав хотод болсон Конференцийн лигийн тэмцээний финалын тоглолтод Английн “Челси” баг Испанийн “Бетис” багийг 4:1 харьцаагаар хожлоо.


Англичуудаас Энцо Фернандес /65 дахь минут/, Николас Жексон /70/, Жейдон Санчо /83/, Мойзес Кайседо /90+1/ нар, Испанийн багаас Абде Эззальзули /9/ гоол оруулсан байна.


Ийнхүү Европын клубүүдийн хооронд болдог гурав дахь том тэмцээн болох Конференцийн лигт түрүүлсэн “Челси” Европын бүх цомыг хүртсэн анхны клуб боллоо. Өмнө нь челсичүүд Аваргуудын лиг /2012, 2021/, Европын лиг /2013, 2019/, Цомтой багуудын цом /1971, 1998/, УЕФА-гийн Супер цомын /1998, 2021/ тэмцээнүүдэд түрүүлээд байсан юм. Харин “Бетис” Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарсан Испанийн анхны баг болсон бөгөөд тус улсын аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр эзэлснээр ирэх улиралд Европын лигийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо.


Ташрамд дурдахад, “Челси”-гийн ахлах дасгалжуулагч, Италийн иргэн Энцо Мареска өмнө нь Италийн “Парма”, Английн “Лестер” багуудыг дасгалжуулж байснаас гадна 2018-2019 онд “Уэст Хэм” багт Чилийн дасгалжуулагч Мануэл Пеллегрини-гийн удирдсан багт ажиллаж байжээ. Пеллегрини одоо “Бетис”-ийг дасгалжуулж байгаа юм.  


“Бетис”, “Челси” хоёр түүхэндээ таван удаа хоорондоо учраа тааран тоглосноос Лондонгийн клуб дөрөвт нь хожжээ.


Конференцийн лигийн анхны тэмцээн 2021/22 оны улиралд болсон бөгөөд Италийн "Рома" (2021/22), Английн "Уэст Хэм" (2022/23), Грекийн "Олимпиакос" (2023/24) багууд аваргалсан байна.

Связанные новости