Уругвай, Литва улсын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-05 11:29:08

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ричардас Шлепавичус нарыг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэ сарын 4-нд тус тус хүлээн авч уулзав. 

 

Дээрх уулзалтуудаар Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол-Уругвай, Монгол-Литвагийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж буйг тэмдэглэж, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулан идэвх зүтгэл гарган ажилласан Элчин сайд нарт талархал илэрхийлэн Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв. 

 

Элчин сайд нар албан үүргээ гүйцэтгэх хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв. 

 

Уругвайн Элчин сайд Ф.Лугрис Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум /ФЕАЛАК/-ын хамтран даргалагчаар сонгогдсон явдалд баяр хүргэж, энэ хүрээнд Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 20-22-нд болох Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад уругвайн талаас өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахын төлөө ажиллахаа илэрхийллээ.





 

Связанные новости