Үндэсний их баяр наадмаар найм хоног амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-05 11:35:42

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар наадмын амралтын өдрүүдийг хэлэлцэж, зохицуулжээ.


Тодруулбал, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаа тул долоодугаар сарын 16, 17-ны өдрийн лхагва, пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ. Ингэснээр наадмын амралт долоодугаар сарын 10-наас эхэлж найм хоног амрах юм.


Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэсэн байна.


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15” гэж зааж, эдгээр өдөр нийтээр амрахаар хуульчилсан байдаг.




Связанные новости