ХОВД: Төмрийн хүдэр тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн уурхайгаас Ховд аймгийн Булган сумын Булган боомт хүртэл төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж буй.
Үүнийг “Эй Эл Жи Ти” ХХК гүйцэтгэж байгаа ба төмрийн хүдэр тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.
Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын ахлах шинжээч, авто замын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын баг тавдугаар сарын 13-16-ны өдөр Увс аймгийн Наран булаг сумын нутаг дахь Харганатын төмрийн хүдрийн уурхайгаас Ховд аймгийн Мянгад сумаар дайрч Булган сумын цоохор нуур хүртэлх төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Энэ үеэр компанийн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, Ховд аймгийн Мянгад сум, Булган сумын цоохор нуур хүртэлх олон улс, улсын чанартай авто замд их хэмжээний эвдрэл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон, эвдрэл гэмтлээс болж хүний амь, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хохирол учрах нөхцөл бүрдсэн зэрэг зөрчил илэрчээ.
Иймээс улсын ахлах байцаагчийн актаар тус компанийн төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгахыг мэдэгджээ.
Зөрчлийг арилгах, улсын чанартай авто замын хэвийн байдал хангах хүртэл ажлын баг хяналт тавьж байгаа талаар өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.