Лос-Анжелест цагаачдыг албадан гаргахыг эсэргүүцсэн жагсаал болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 8 /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг эсэргүүцсэн жагсаал болжээ. Уг жагсаалыг Цагаан ордон бослого гэж нэрлэсэн байна. Энэ талаарх мэдэгдлийг Цагаан ордны Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер “X” нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.
Тэрбээр АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) ажилтнуудын баривчилсан цагаачдыг саатуулж буй төвийг жагсагчид бүслэн хааж буй бичлэгт тайлбар хийхдээ "Энэ бол АНУ-ын хууль тогтоомж болон бүрэн эрхт байдлын эсрэг бослого" хэмээн бичсэн байна. Тэрбээр мөн Лос-Анжелес хотын Цагдаагийн газрын дарга Жим Макдоннеллийн мэдэгдэлд тайлбар хийжээ. Макдоннелл өөрийн удирдлагад ажиллаж буй цагдаа нар “олноор нь албадан гаргах ажиллагаанд оролцохгүй, туслалцаа үзүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Миллер хэлэхдээ, цагдаагийн дарга “иргэдийн биш, харин бусдын эрхэнд халдагчдын талд орлоо” гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бямба гарагт бичихдээ, Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсон, Лос-Анжелес хотын дарга Карен Басс нар “ажлаа хийж чадахгүй байгаа” тул холбооны улсын засгийн газар “босогчид, дээрэмчдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд оролцохоос өөр аргагүй боллоо” гэжээ. Жагсагчид хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу дайрахыг Трампын засаг захиргаа "тэвчихгүй" бөгөөд “аюул занал учруулж буй бүх хууль бус цагаачийг хөөн гаргах болно" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт X нийгмийн сүлжээнд бичсэн байна.
АНУ-ын засаг захиргааны хилийн аюулгүй байдал, хууль бус цагаачдыг албадан гаргах асуудал эрхэлсэн төлөөлөгч Томас Хоман жагсаалтай холбогдуулан АНУ-ын Үндэсний гвардийн хүчнийг Лос-Анжелес хотод байрлуулна гэж "Fox News" сувгаар мэдэгджээ. Цагаан ордны хэвлэлийн албанаас бямба гаргийн орой нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Трампын даалгасны дагуу Лос-Анжелест эмх замбараагүй байдлыг хяналтад авах зорилгоор Үндэсний гвардийн 2000 алба хаагчийг илгээхээр болсон байна.
Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр, хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Лос Анжелес хотод эхэлсэн бөгөөд бямба гаргийн орой гэхэд цагаачлалын хууль зөрчсөн хэргээр доод тал нь 44 хүн баривчлагдсан байна. Улмаар тус хотод хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал эхэлжээ. "CBS" сувгаар мэдээлснээр, жагсагчид хууль сахиулагчдын ажилд саад учруулахыг оролдож, замын хөдөлгөөнийг хааж, ICE-ийн ажилтнууд руу чулуу, петард шидсэн байна.