МАН: Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-09 20:07:33

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. МАН-ын Бага хурлын 7 дугаар хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ.


Тус шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Өнөө өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр санал нэгдэж, Бага хурлын түвшинд оруулж ирсэн. Бага хурлын үеэр гурван нэр дэвшигч нэмж нэрээ дэвшүүлсэн ч хоёр нь нэрээ татсан юм. Улмаар Г.Занданшатар, Г.Тэмүүлэн хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явагдаж, 67.4 хувь нь Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэхээр тогтлоо.


Иймд хуульд заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ. МАН нь УИХ-д олонхийг бүрдүүлдэг буюу 68 суудалтай улстөрийн хүчин тул шинэ Ерөнхий сайд томилогдоно гэж бодож байна. Учир нь, МАН-ын Бага хурал бол тус намын төлөөллийн төв байгууллага юм. Төлөөллийн төв байгууллагын шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн дүүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.





Связанные новости