СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 56 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцэнэ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-10 11:25:43

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 56 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцэнэ.   

 

Энэ талаар Сэлэнгэ аймгийн БОГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагаас тодрууллаа.

 

Тэрбээр “2024 оны намрын хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийх талбайн судалгаа, 2025 оны хаврын хөнөөлт шавжийн тархалтын судалгаагаар Сэлэнгэ аймагт нийт 163 мянган га газарт ойн хөнөөлт шавжийн тархалттай байгаа нь тогтоогдсон.

 

Эндээс нарсны бийрэн сүүлтийн тархалттай,  зайлшгүй тэмцэл явуулах талбай 56 мянган га байна.

 

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 56 мянган га-д, онгоцоор 32 мянган га-д үүргэн шүршигчээр үлдсэн талбайд явахаар ААНБ-ууд тендерт шалгараад ажлаа эхлээд байна.

 

Энд нарсны бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр, мөн монгол улсад тэмдэглэгдээгүй, тодорхойгүй 2 хөнөөлт шавж илэрсэн байгаа.

 

Цаашдаа 2026 онд сумд онцгой анхаарч, сумынхаа байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг хийх болон судалгааны ажлын хөрөнгийг шийдэж өгөх хэрэгтэй байна. Учир нь нарсан болон шинэсэн ой хөнөөлт шавжид өртөгдөж дуусах нь байна” хэмээн ярилаа.

 

Тус хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг гүйцэтгэгч “Ойн таксаз” ХХК-ийн ерөнхий инженер Х.Пүрэвжаргал:

 

“Бид агаараар микробиологийн аргаар АН-2 онгоцоор явуулж байна. Тэмцлийн ажилд явуулах бэлдмэлээ орон нутгийн “Шим” компанид үйлдвэрлэсэн орон нутгийн бактерын бэлдмэлийг ашиглаж байгаа.

 

Ингэхдээ 1 га газарт 3 л бактерын бэлдмэлийг зарцуулахаар тооцсон. Энэ бэлдмэл нь эко биологийн бэлдмэл. Сонгосон шавждаа үйлчилдэгээрээ онцогтой бэлдмэл” хэмээв.

 

Алтанбулаг сумын байгаль орчны улсын байцаагч О.Отгонтөгс:

“Манай суманд 2024 оноос эхлэн ойн хортон шавж ажиглагдсан. Тухайн ондоо захиалга өгөөд 2025 онд 5500 га-д хортонгийн тэмцлийн ажлыг хийлээ. Манай сум дээр “Хатан форест” ХХК шалгараад онгоцоор тэмцлийн ажлыг явуулж байна.


Ерөнхийдөө хатсан модоо тойруулаад ногоон масс чиглэлээр хумих маягтай тэмцлийн ажлаа явуулж байна” гэв.