ХОВД: Баялаг бүтээгчдэд олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 1.7 тэрбум төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж байна.
Хурлаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай байв.
Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх төсөл" хэрэгжүүлэхээр тусгасан.
Үүнтэй холбогдуулан “Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам” боловсруулжээ.
Энэ нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд банкны санхүүжилтээр олгож буй эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлд хүүгийн хөнгөлөлт үзүүлэн бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж ажлын байр бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийг 2025–2027 онд зургаан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ба орон нутгийн төсвөөс 1.7 тэрбум төгрөг хуваарилжээ.
Иргэн 5-100 сая, аж ахуйн нэгж 10-500 сая хүртэлх төгрөгийн зээл авахад зургаан хувийн хүүгийн хөнгөлөлтийг орон нутгаас үзүүлнэ.
Ингэснээр бичил болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, ажлын байр шинээр бий болгох, зах зээлийн өрсөлдөөнийг сайжруулж инфляцыг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Баялаг бүтээгчид рүү чиглэсэн дээрх төсөл, журмыг төлөөлөгчид дэмжин баталлаа.