ГОВЬ-АЛТАЙ: Нийгмийн ажилтнууд сэтгэлзүйн сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-06-17 18:20:37

Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  “GROW MONGOLIA”  хөтөлбөрийн хүрээнд нийгмийн ажилтнууд сэтгэлзүйн сургалтад хамрагдав. 


Говь-Алтай аймагт сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор дэлхийд танигдсан клиник сэтгэл зүйч, олон улсын зөвлөх доктор Роби Сондэргэр сургалт зохион байгууллаа.



Ил сургалт нь “Grow Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд цахим, танхим хосолсон байдлаар сумд, агентлагуудын нийт 54 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч хамрагдсан юм.


“Grow Mongolia” хөтөлбөр нь багш, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн түвшинд чадавхжуулах, Монголын залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогын арга замыг тодорхойлох зорилготой.


Сургалтын хүрээнд оролцогчид сэтгэл зүйн шинэ арга барил, олон улсын шилдэг туршлага, бодит кейсүүд дээр суурилсан мэдлэгийг олж авсан нь орон нутгийн үйлчилгээний чанарт чухал хувь нэмэр оруулах юм.


Мөн Аймгийн Засаг дарга Г.Чинбат доктор Роби Сондэргэрийг хүлээн авч уулзан, Говь-Алтай аймгийн 2024–2028 оны хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж, сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцлоо.

Связанные новости