Б.Энхбилгүүн: Аварсан иргэд маань эсэн мэнд, энх саруул амьдарч байгааг сонсоод мэргэжлээ зөв сонгожээ гэж боддог

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-20 09:37:48

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын албаны өдөр өнөөдөр тохиож байна.


Одоогоос 22 жилийн өмнө буюу 2003 оны зургаадугаар сарын 20-ны энэ өдөр УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулах үндэс суурийг тавьсан. Энэ дагуу 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилсөн түүхтэй. Ингэснээр жил бүрийн зургаадугаар сарын 20-ныг Онцгой байдлын албаны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.




Бид энэхүү өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисгэгч, ахлах дэслэгч Б.Энхбилгүүнийг онцоллоо. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагын анхны мэргэшсэн хоёр нисгэгчийн нэг. Энэ нь түүнийг онцлох гол шалтгаан байв. Агаараас эрэн хайх, аврах анги нь улсын онцгой бүсэд байрладаг учраас машинаа, биеийн байцаалтаа шалгуулсны дараа албан ёсоор зөвшөөрөл олголоо. Дотогш нэвтэрч аврах ангийн үүдэнд очиход ахлах дэслэгч Б.Энхбилгүүн угтаж, ажлынхаа талаар товчхон танилцуулснаар бидний ярилцлага эхэллээ.


Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газарт нисгэгчээр орсон тухайгаа, “Би үнэхээр нисэх дуртай хүн. Дуртай зүйлдээ автаж анх Цонжинболдогт байрладаг нислэгийн сургалтын төвд онгоц жолоодож сурсан. Дараа нь ОБЕГ-ын сонгон шалгаруулалтын зарлалыг олж харсан юм. Эндээс л өөрт итгэл төрж, өөрийгөө хөгжүүлэх боломжтойг мэдэрсэн хэрэг. Ингээд шалгаруулалтад оролцож тэнцсэн. Онцгойгийн албан хаагч болсноос хойш 50 гаруй удаа ажиллагаанд явж, олон хүний амь, эрүүл мэндийг аврах үйлст гар бие оролцлоо. Энэ бол маш сайхан хэрэг. Зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдийг эмнэлгээс эмнэлгийн хооронд зөөж байлаа. Сүүлд л гэхэд ой, хээрийн түймрийн голомтод ажилласан 100 гаруй гал сөнөөгчийг зөөвөрлөх нислэг хийсэн. Мэдээж эрэн хайх нислэгүүдэд явлаа. Нисэх бүрдээ илүү туршлагажиж, хувийн ур чадвараа нэмэгдүүлж байна” хэмээн ярилаа.


Харин анх энэ байгууллагын босгоор алхаж, үүрэг гүйцэтгэсэн талаараа “Бүх зүйлд хариуцлагатай хандах ёстой. Мэдээж тодорхой хэмжээний айдас байх нь ойлгомжтой. Сэтгэлээр унах үе ч гарсан. Гэвч энэ бүхнийг даван туулах сэтгэл зүй надад байсан юм. Тэр нь юу вэ гэхээр энэ байгууллагын надад итгэсэн итгэл. Хамт олны минь надад өгдөг урам. Дээрээс нь яаралтай тусламж үзүүлсэн иргэдийн хэлсэн үг дэм болж, энэ ажилдаа улам ихээр дурлах шалтгаан болж байна. Хүнд өвчтэй, осолд орсон хүмүүсийг зөөвөрлөх тийм амар биш. Ялангуяа бага насны хүүхдүүд. Тэднийг хараад хямралд орно, цочирдоно, сэтгэлээр унана. Харин дараа нь нөгөө хүүхдээ асуухад эмчилгээ хийгээд эмнэлгээ гарсан, эрүүл болсон гэдгийг сонсоод сэтгэл уужирч, эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг. Би ер нь зөв мэргэжил сонгожээ гэж боддог. Нэг ёсондоо аварсан хүн маань өнөөдөр эсэн мэнд, энх саруул амьдарч явааг харахад энэ ажилд орсны утга учир гарч байна гэсэн үг” гэв.


Түүний хувьд Агаараас эрэн хайх, аврах ангийн бүрэлдэхүүний нэг хэсэг болсноос хойш анхны нислэгээ Дархан-Уул аймгийн зүг хийжээ. Ингэхдээ цус харвасан 65 настай иргэнийг нийслэлд яаралтай авчрах үүрэг хүлээсэн байна. Б.Энхбилгүүн “Манай нислэгийг захиалж байгаа хүмүүсийн амь нас минут, секунд, дойлоор хэмжигдэж байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нэг нислэг бий. Сэлэнгэ аймгаас хоёр настай хүүхдийг зөөвөрлөж авчирсан тэр нислэг үнэхээр хүнд туссан. Харахад нүд халтирмаар дүр зураг. Өөрийн хүүхэд шиг санаад үнэхээр хэцүү байсан. Дотор давчдаад.... Энэ хүүхэд эсэн мэнд амьдраасай гэж чин сэтгэлээсээ дотроо залбирч билээ. Дараа нь Гэмтлийн эмнэлэг дээр ирээд хүүхдийн тухай асуухад эмчлүүлээд гарсан. Одоо зүгээр болсон, эдгэрсэн гэдэг мэдээг сонсоод үнэхээр их баярласан. Яг тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд бас хэцүү юм” хэмээн дурслаа.


Б.Энхбилгүүн анхны хоёр нисгэгчийн нэг гэгдэж байсан бол өөрийнхөө араас дахин 10 нисгэгчийг дагуулж, өдгөө 12-уулаа болжээ. Улам олуулаа болж, нэгнээсээ суралцан, туршлагаа хуваалцахаас эхлээд таван жилийн түүхтэй энэ ангид нэг өдрийн дотор болж өрнөх үйл явдал мундахгүй их. Өдөрт хэдэн дуудлагад явахыг таашгүй. Дуудлагагүй өдөр ч байна. Гэсэн ч хэдий ч цаг ямагт бэлэн байдалд байх нь онцгойгийнхны үүрэг. Таван жилийн түүхтэй Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги өдгөө нисгэгч, инженер техникч, аврагч, эмчээс бүрдсэн 70 гаруй алба хаагчтай. Харин байгуулагдсанаас хойш газраар тээвэрлэх боломжгүй 158 удаагийн шуурхай дуудлагаар ажиллаж, 210 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт сумын Минжийн хангай, Норовлин, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Хушаат, Ерөө, Цагааннуур, Түшиг суманд гарсан  ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг тээвэрлэх болон түймрийн тандалтын тусгай үүргийн 105 цагийн нислэг үйлджээ.




Агаараас эрэн хайх, аврах ангийнхан байгуулагдсан цагаасаа хойш 158 удаагийн шуурхай дуудлагаар ажиллаж, 210 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


105 цаг гэдэг сонсоход бага мэт боловч маш богино хугацаанд олон ажил амжуулж болдгийн тод жишээ юм. Товчхондоо газраар туулах, агаараар туулах замыг харьцуулж болохгүй гэсэн үг. Гурван цагийн газарт 30 минут хүрэхгүй хугацаа зарцуулна гэдэг эрүүл мэнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүсийн хувьд үнэт хором билээ. Цаг хугацаа гэдэг онцгой байдлын алба хаагчдын хувьд үнэтэй зүйл. Ой, хээрийн түймэр болсон газар гал сөнөөгчид, аврагчид 3-4 цаг, заримдаа хоног зарцуулан замдаа ядраад очдог байсан бол нисдэг тэрэг ашигладаг болсноор цаг хэмнэж, 20-30 минутад л обьектод хүрч, эрч хүчтэй ажилладаг болсон байна.


Бидний дунд байдаг эгэл боргил боловч эрдэнэт хүний алтан амийг авран хамгаалахын төлөө эцэс төгсгөлгүй зорьж, хоногийн хэдэн ч цагт хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг энхийн манааны баатрууд бол Онцгойгийнхон. Тэд тэнгэрт, газарт ч аврах ажлаа чимээгүй гүйцэтгэдэг. Тиймээс жил бүрийн зургаадугаар сарын 20-ны өдөр бид эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж яваа энэ цагийн эгэл баатруудын нэгийг онцолсоор байх болно. 

















Связанные новости