Узбекистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-24 18:05:35

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.


Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.


Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Узбекистан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.


Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Бүгд Найрамдах Узбекистан Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа хийж буй дээд түвшний айлчлал юм.


ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРОМОНОВИЧ МИРЗИЁЕВИЙН НАМТАР 

Төрсөн газар, огноо:

1957 оны долоодугаар сарын 24-нд Жизах мужийн Замин дүүрэгт төрсөн. 68 настай. 

Боловсрол:

1981 онд Ташкентын Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын дээд сургуулийг инженер механикийн мэргэжлээр төгссөн. Техникийн шинжлэх ухааны доктор, дэд профессор. 

Ажилласан байдал: 

1981-1990 онд Ташкентын Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах багш, дэд профессор, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал 

1990-1992 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дээд зөвлөлийн депутат 

1992-1996 онд Ташкент хотын Мирзо-Улугбек дүүргийн захирагч 

1995-2003 онд Олий Мажлис (Парламент)-ийн гишүүн 

1996-2001 онд Жизах мужийн захирагч 

2003-2016 онд БНУзбУ-ын Ерөнхий сайд 

2016.9.8-нд БНУзбУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч 

2016.12.14-нд БНУзбУ-ын Ерөнхийлөгч 

2021.10.24-нд БНУзбУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон  

2023.7.9-нд БНУзбУ-ын Ерөнхийлөгчөөр 7 жилээр улиран сонгогдсон.

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭРГИЙ ЗИРОАТ МИРЗИЁЕВАГИЙН ТОВЧ НАМТАР 

Төрсөн газар, огноо:

1964 оны 12 дугаар сарын 4-нд Узбекистаны Фергана мужийн Коканд хотод төрсөн. 61 настай.

Боловсрол:

1986 онд Ташкентын Хөдөө аж ахуйн усжуулалт, механикжуулалтын дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Төрийн удирдлага, нийгэм эдийн засгийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь орон нутгийн тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ" сэдвээр эдийн засгийн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2020 оноос байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, нийгэм, хүртээмжтэй хөгжлийн салбарууда; өргөн чиглэлээр сайн санааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын «Замин» сангийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. 

Связанные новости