ХОВД: Өнгөрсөн хавар 37 мянга гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-26 16:24:02

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ жил 100 мянган мод тарихаар урьдчилан төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрсөн хавар 37202 мод тарилаа.

Үүнээс онцлоход, Жаргалант сумынхан хамгийн олон буюу 20 мянга гаруй мод тарьжээ. Мөн байгууллагуудаас Эко цементийн үйлдвэр хамгийн олон буюу 12 мянган мод тарьсан байна.

Одоогоор Ховд аймагт модны ургалт 80 орчим хувьтай байна.


Түүнчлэн энэ онд Ховд аймгийн Булган, Дөргөн, Мөст, Дуут, Дарви, Жаргалант суманд нийт 130 га талбайд татмын ойжуулалт хийж, мод тарихаар төлөвлөсөн. Уг ажил 30-50 хувьтай үргэлжилж буй.

Татмын ой гэдэг нь голын татам орчмын мод, сөөгийг хэлэх бөгөөд ургамал, амьтдын амьдрах орчин бүхий экосистем юм. Голын эрэг татам дагуу ойжуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэгтэй.

АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эрсдэлд ороод буй голын татам орчмын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн шүүлтүүр зурвас байгуулах зорилгоор аймаг, сумдад татмын ойжуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Связанные новости