СЭЛЭНГЭ: Язгууртны 1 булш хөндөгдөөгүй байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна
ӨВ СОЁЛ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 18
/МОНЦАМЭ/. МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн
судалгааны баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбигийн үеийн бунхант
булшны авран хамгаалах судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Судалгааны баг энэхүү дурсгалт
газрыг 2019 оны намар шинээр нээн илрүүлж, 2022-2024 онд хэмжилт болон 3D
баримтжуулалтуудыг тус тус хийсэн байна.
Энэ удаад тэд Сяньбигийн үеийн
язгууртны 3 булш, жирийн иргэдийн 2 булшны археологийн авран хамгаалах малтлага
судалгааг явуулжээ. Энэхүү малтлагын явцад язгууртны 1 булш хөндөгдөөгүй анхны байдлаараа байгаа нь судлаачдын
анхаарлыг татсан байна.
Хөндөгдөөгүй булшны тахилын
хэсгээс сонирхолтой олдворууд илэрчээ. Энд хамгийн сонирхолтой нь 7 см
зузаантай зэрэгцээ 2 модон авс байгаа бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн
зузаан даавуугаар бүрэн ороож тавьсан нь маш сайн хадгалагдсан байжээ.
Авсны толгой хэсгийн даавуун
дээр хар бэхээр зураг, тэмдэг зурсан нь хүртэл маш сайн харагдаж байсан байна.
Малтлагаас хар болон зээрд
(хондон) зүсмийн модон 2 морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар
болон өөр бусад онц сонирхолтой олдворууд тахилын хэсгээс гарсан байна.
Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжлийн судлаачид болон бусад мэргэжлийн байгууллагын судлаачид хамтран ажиллаж байна.