Грек, Туркт ойн түймэр дэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-07-28 11:22:42

АФИН, 2025 оны долоодугаар сарын 28 /BBC/. Грек улсад хэт халсны улмаас орон даяар томоохон ой хээрийн түймэр дэгдээд байгаа бөгөөд гал сөнөөгчид олон түймрийг хяналтдаа авч чаджээ. 


Хэт халалт үргэлжилж, ням гарагт Грекийн төвийн нутгаар агаарын хэм Цельсийн +42.4 хэмд хүрсэн байна. Гал сөнөөгчид ням гаргийн оройн байдлаар Афинаас баруун зүгт орших Пелопоннесийн бүс нутаг, түүнчлэн Эвиа, Китира, Крит арлуудад дэгдсэн таван том түймрийг унтраахаар ажиллаж байна.


Үүний зэрэгцээ, хөрш Турк улсад урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр халж, хэд хэдэн бүс нутагт түймэр гарчээ. Туркийн Ойн аж ахуйн сайд Ибрахим Юмакли ням гарагт мэдэгдэхдээ, түймэрт нэрвэгдсэн бүс нутаг эрсдэлтэй үеийг даван туулж байгаа бөгөөд түймрийг бүрэн унтраахад нэлээд хэдэн хоногийн хугацаа шаардлагатай гэв.


Өнгөрсөн бямба гарагт Туркийн Байгаль орчны яамнаас мэдээлснээр, цаг уурчид зүүн өмнөд хэсэгт орших Силопи хотод +50.5 хэм хүрч халсныг бүртгэжээ. Ингэснээр өмнөх дээд үзүүлэлт болох +49.5 хэмийн халууныг давсан байна.


Хойд нутгийн Карабук мужид гарсан түймрийг унтраахаар гал сөнөөгчид дөрвөн өдрийн турш тэмцэж байна гэж AFP агентлаг ням гарагт мэдээлжээ. Лхагва гарагт баруун хойд хэсэгт орших Эскишехир мужид гарсан түймрийг унтраах үеэр 10 хүн амиа алджээ. Орон нутгийн зарим эрх баригчдын зүгээс Туркийн баруун эргийн Чесме амралтын газар зэрэг газруудад усны хэрэглээг хязгаарлахаа мэдэгджээ.


Грект ням гарагт хүчтэй салхилсан нь түймрийг улам даамжруулсан байна. Тус улс Европын Холбооны Иргэний хамгаалалтын газраас гал унтраах зургаан нисэх онгоцоор туслахыг албан ёсоор хүсжээ. Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч Василиос Ватракояннис ням гаргийн өглөө хэлэхдээ, шөнөжин ажилласны үр дүнд нөхцөл байдал дээрдсэн гэжээ.


Гэхдээ Гал түймэртэй тэмцэх албанаас түймрийг хяналтад авсан гэж мэдэгдэж байгаа боловч тархай бутархай байдлаар түймэр ассаар байна. Мөн Крит арлын Чаниа мужид гал сөнөөгчид ойн талбай, зөгийн үүр, газар тариалан, мал сүргийг хамарсан 20 км урт түймрийг унтраахаар ажиллаж байна.


Баруун өмнөд зүгийн хүчтэй салхи түймрийг хяналтад авах ажлыг хүндрүүлж, хэд хэдэн тосгон цахилгаангүй хэвээр байна. Өнгөрсөн сард Эгийн тэнгисийн хойд хэсэгт орших Грекийн тав дахь том арал болох Чиос арал дээр гарсан түймэр 4700 га талбайг сүйтгэжээ. Түүнчлэн долоодугаар сарын эхээр Крит арал дээр гарсан түймрийн улмаас 5000 жуулчныг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрсэн байна.

 


Связанные новости