ЗАВХАН: Цагаанхайрхан сум царцааны хэт олшролттой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-30 15:14:32

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завханы Цагаанхайрхан сумын нутгаар сибирийн царцааны хэт олшролттой байна.  


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн царцааны тархалт, нягтшилын 1х1 метр талбайн 7 дугаар сарын 20-ны мэдээгээр ихэнх нутгаар Сибирийн царцаа ажиглагдсан байна.


Завханы Цагаанхайрхан сум, Ховдын Чандмань, Манхан, Говь-Алтайн Халиун, Баянхонгорын Гурванбулаг сумдын нутгаар царцааны хэт олшролттой байна. Царцаа нь нийт 130 гаруй зүйл байгаагаас 29 зүйл нь бэлчээрт хөнөөлтэй гэж үздэг.

Цаг агаарын хэт халалт, хуурайшилт нь царцааны амьдрах, үржих таатай орчны бүрдүүлдэг байна. Хэт олширсон үедээ бэлчээрийн ургамлын 30-70 хувийг идэж устгадаг.


Царцаа нь үр тарианы талбайн захаар элбэг тохиолдох бөгөөд буудайн навч, түрүүг мэрж тасдан хооллож, гэмтээдэг. Зарим гандуу жил хэт их олширно. Буудайн талбайн 1м2-д 1-2 царцаа үзэгдэх нь ургацад нөлөөлөх хор хөнөөлтэй. Манай оронд 140 гаруй төрлийн царцаа амьдардаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй зүйл нь малын бэлчээр, хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацад хөнөөл учруулдаг тухай аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.  


Ташрамд эрдэмтдийн судалснаар ихэнх төрлийн царцаа өдөрт өөрийн жингээс 1.5-2 дахин их хоол тэжээл иддэг боловч “дээвэр далавчит” хэмээх нэгэн зүйлийн царцаа биеийн хэмжээнээсээ 1.22 дахин  их тэжээл хэрэглэдэг байна. Царцаа үй олноор үрждэг жилүүдэд бэлчээрийн ургац 2-3.9 центнерээр буурч, малын хээл хаялт 2.63, сувайралт 1.7, төлийн хорогдол 2.4,зүй бусын хорогдол 1.6 хувь нэмэгдэж, тураалаар үхсэн малын тоо 18 дахин өсдөгийг судалгаагаар тогтоожээ.


Царцаа нь мөн ашиг тустай амьтан юм. Жилийн жилд царцаа ихээр гардаг Ховдын Дуут, Мөнххайрхан сумын урианхай ястнууд нэгэн өвөрмөц гар тэжээл бэлтгэдэг.

Зуны улиралд царцаа барьж хатаамал хийнэ. Хавар, өвлийн хахир цагт хатаасан царцаагаа нүдэж нунтаглан шөл хийж, туйлдсан малд уулгадаг ба энэ нь сайн тэжээл болдог.  

Зуны улиралд нэг царцаа 3.75 кг өвс ногоо иддэг. Энэ нь хоёр хонины зуны гурван сард идэх ногоотой тэнцдэг байна.


Связанные новости