12 настай усанд сэлэгч ДАШТ-ээс медаль хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-01 07:43:11

СИНГАПУР, 2025 оны наймдугаар сарын 1. /ТАСС/. Хятадын усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчин, 12 настай Ю Зиди Сингапурт болж буй ДАШТ-ий эмэгтэйчүүдийн буухиа чөлөөт сэлэлтийн 4x200 м-ийн зайд хүрэл медаль хүртлээ.


Финалын сэлэлтэд Австралийн шигшээ түрүүлж, АНУ-ын тамирчид хоёрдугаар байрт шалгарсан бол австраличуудаас 3,64 секундээр хоцорсон Хятадын усанд сэлэгчид гуравдугаар байр эзлэв. Хэдийгээр Ю Зиди финалын сэлэлтэд оролцоогүй боловч урьдчилсан сэлэлтэд оролцсон тул ийнхүү хүрэл медалийн эзэн боллоо.


Үүний өмнөхөн тэрбээр ДАШТ-ий түүхэнд финалын сэлэлтэд оролцсон хамгийн залуу усанд сэлэгч болсон бөгөөд энэ удаагийн тэмцээний 200 м-ийн холимог сэлэлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Өнгөрсөн онд Ю Зиди Олимпын шалгуурыг давсан боловч хэт залуу байсан тул дасгалжуулагчид түүнийг шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулаагүй ажээ. Тэрбээр энэ оны тавдугаар сард Шэньжэн хотод  болсон Хятад улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр холимог сэлэлтийн 200 м-ийн зайд минут 10.63 секундийн амжилт үзүүлснээр Олимпын хошой хүрэл медальт Ю Йитиний дараа хоёрдугаар байрт орсон юм.


Ташрамд дурдахад, ОХУ-ын Казань хотод 2015 онд болсон ДАШТ-д Бахрейны 10 настай тамирчин Альзаин Тарек оролцсон боловч 50 м-ийн зайн эрвээхий сэлэлтийн урьдчилсан шатнаас шалгарч чадаагүй ажээ.


Сингапурт болж буй усан спортын ДАШТ ням гарагт өндөрлөнө.  

Связанные новости