Ирэх 50 жилийн хөгжлийн чиг хандлага, цаашдын бодлогын талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар долоодугаар сарын 30-31-нд Хельсинки хотноо зохион байгуулж буй “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.
Гадаад харилцааны яамны мэдээлснээр, энэхүү дээд түвшний уулзалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын үндэс суурь болсон “Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг”-ийн 50 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд төлөөлөгчид сүүлийн хагас зуун жилд бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны чиглэлээр гарсан ололт амжилтыг дүгнэж, ирэх 50 жилийн хөгжлийн чиг хандлага, сорилт, боломж, цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдааны эхний хэсэгт болсон “Европын аюулгүй байдлын суурь зарчмын нэр хүндийг хэрхэн бэхжүүлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогын зорилт, санаачилга, ЕАБХАБ-ын хэмжигдэхүүнүүдийн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэв.
Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-д гишүүнээр элссэн бөгөөд тус байгууллага нь Европ, Төв Ази, Хойд Америкийн 57 улсыг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том байгууллага юм.