Ш.Хонгорзул: Ном уншихад төсөөлөх чадвар сайжирдаг бол интернэтээр бичлэг үзэхэд хийсвэрлэн бодох үйл явц явагддаггүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. 2024 оны судалгаагаар Монгол Улс 2.91 сая интернэт хэрэглэгчтэй буюу цахим хэрэглээний түвшин 83.9 хувь байсан. Өсвөр насны хүүхдүүдийн 74 хувь нь цахим орчныг идэвхтэй хэрэглэдэг бол инстаграм ашиглаж буй 430 мянга гаруй хүүхэд байдаг гэх тооцоо бий. Тэгвэл интернэт хэрэглээ болон ном уншдаг өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн ялгааны тухай Сэтгэл судлаач Ш.Хонгорзултай ярилцлаа.
-Дижитал хэрэглээ
өндөр хөгжсөн болон интернетгүй үеийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэхүйн гол ялгааг та юу гэж
үзэж байна вэ?
-Өсвөр насны хүүхэд аливаа зүйлийг өөрийнхөө ертөнцөөр төсөөлж, түүнийгээ хийсвэрлэн бодох чадвар илүү давамгай байдаг. Тиймээс сэтгэл хөдлөл тогтворгүй, аливаа асуудалд өнгөц хуумгай хандаж, сэтгэл хөдлөлдөө тулгуурлан шийдвэр гаргах тал их ажиглагддаг. Төсөөлөн бодох чадвар илүү байдаг учраас асуудлыг хүндээр хүлээн авч түүнээсээ болж бухимдах хандлагатай байдаг. Хүн таван мэдрэхүйгээ ашиглаж хүрч, амталж байж тархины хөгжил сайн явагдана. “Сүүлийн үеийн хүүхдүүд огцом ууртай байна”, “өөрийнхөө зөрүүдэлдэг” гэх яриа элбэг байдаг нь тухайн хүүхдийн зан чанартай холбоотой байхаас гадна амьд харилцан яриа бага байгаатай холбоотой. Хүн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ярьж хуваалцаж байж тайвширдаг. Орчин цагт энэ хэрэгцээгээ өсвөр насны хүүхдүүд хангаж чадахгүй байгаа учраас ууртай, уцаартай байдал ажиглагдаж байгаа. Тухайлбал, Chat GPT их ашиглах нь хүүхэд өөрийгөө аав, ээж найз нөхдөөсөө тусгаарлан амьд харилцаанд орохоос зайлсхийж, өөрийгөө тусгаарлаж эхлэх хандлагатай болдог. Энэ нь урт хугацаандаа хүн хоорондын харилцаанд өөрийгөө илэрхийлэх чадвар нь сул болох эрсдэлтэй.
-Багаасаа ном уншиж өссөн болон утасны хэрэглээ ихтэй хүүхдийн зан чанар ялгаатай байдаг болов уу?
-Бага насандаа дэлгэц, цахим орчны хэрэглээ их байх нь насанд хүрээд нийгэм сэтгэлзүйн асуудалтай болох эрсдэл өндөртэй байдаг талаарх судалгаа бий. Ном унших нь хүнийг сэтгэл гутрал, ганцаардалд орохоос сэргийлж өөрийгөө танин мэдэх сэтгэл хөдлөлөө удирдах чадварт эерэг нөлөөтэй. Ном уншихдаа тухайн номын үйл явдлыг тархиндаа төсөөлөн бодон, зураглаж байдаг учраас тархины хөгжил сайн болдог. Харин интернэтэд бэлэн дүрстэй видео үзэх үед энэ үйл явц явагддаггүй. Ном унших нь бусдын оронд өөрийгөө тавих чадварыг хөгжүүлдэг.
-Гар утас, дэлгэц гэхчлэн цахимаар ном уншихад сөрөг талтай юу?
-Энэ нь бидний нийгмийн хэв маяг, хэрхэн өссөнтэй холбоотой. Анх цахим ном гэж байгаагүй учраас томчууд цаасан ном уншин түүнийгээ дадал болгосон байдаг. Цахим ном багаасаа уншиж өссөн хүүхдэд тухайн ном нь илүү тухтай байж болох юм. Үүнд хүүхдийн суурь арга барил, амьдралын хэв маяг нөлөөлнө. Гэхдээ цахим ном уншихад тархи хурдан ядардаг. Нүдний хараа муудах, тархины мэдрэлийн эс гэмтэх зэрэг эрсдэлтэй.
-Өсвөр насны хүүхдүүд цахимаар тикток, рийл зэрэг богино минутын бичлэг үзэх дуртай. Үүнд дассан хүүхдүүд удаан цагаар тогтож
суун ном уншиж чадах болов уу?
-3-5 минутын богино бичлэг байнга үзэх нь урт хугацаанд анхаарал төвлөрөх чадварыг бууруулна. Богино бичлэг үзээд дадал болсон хүүхэд уран зохиолын өрнөл үйл явдлыг уншихаасаа залхуурч, төгсгөл хэсэгт юу болсон бол гэж үр дүнд яарах хандлагатай байдаг. Энэ нь хүүхдийг ирээдүйд хүлээцгүй, тэвчээргүй адгуу яарсан зантай болгох магадлалтай. Нэг дор суугаад унших хэцүү бол өдөрт 2-3 хуудас зэрэг өөрт тохирсон арга барил ашиглан бага багаар уншиж дадал болгох хэрэгтэй.
-Ном уншиж сурах дадал суулгахад ямар хүчин зүйл нөлөөлдөг бол?
-Хэрвээ хүүхдээ номд дуртай болгоё гэвэл эцэг эхийн үүрэг хамгийн чухал. Томчууд гар утсаа хэрэглэдэг мөртлөө хүүхдэдээ "гар утас оролдохгүй", "ном унш" гэж хэлэх нь зохимжгүй юм. Тиймээс хүүхдэдээ цаг гаргаж хамтдаа унших нь зөв. Айл бүр гэртээ номын сантай байхыг зөвлөмөөр байна. Гэртээ ямар ч номын сангүй мөртлөө хүүхдээ ном уншсангүй гэж хэлбэл хүүхэд ойлгомжгүй байдалд ордог учраас ном уншиж сурахгүй. Тиймээс багаас нь хамтдаа уншиж, өөрт төрсөн сэтгэгдлээ хүүхэдтэйгээ хуваалцаж байгаарай.
Номтой нөхөрлөхөд хэзээ ч оройтохгүй. Ном унших нь танд урам зориг өгч, мэдрэмжээ ойлгоход тусалдаг тухай “Укагийн номын клуб”-ийн үүсгэн байгуулагч А.Удвал тодотгож байна.
-Та өөрийн номтой
нөхөрлөсөн түүхээ хуваалцвал?
-Ковидын цар тахлын үеэр номтой нөхөрлөж эхэлсэн. Ном унших дадалтай болно гээд зорилго тавьж өдөр бүр уншихыг хичээсэн. Ийм үед сонирхол нэгтэй хүмүүс олно гэдэг хамгийн чухал юм байна билээ. Заримдаа ном уншмааргүй өдрүүдэд интернэтээр номын тухай бүлгэм дэх номын тэмдэглэл, сэтгэгдлээ хуваалцдаг хүмүүсийг харахаар урам орж, буцаад номоо уншиж эхэлдэг. Номоор дамжуулан гайхалтай хүмүүстэй танилцаж, зүгээр л унших бус бодол санаа, мэдрэмжээ хуваалцаж сурсан.
-Том хүн болж төлөвшихийн хэрээр ихээхэн зүйл үзэж
туулдаг. Ямар нэгэн асуудлыг даван туулах үед ном танд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Том болох тусам амьдралын зарим асуудал хэзээ ч шийдэгдэхгүй мэт мэдрэгдэж, хэнд ч хэлмээргүй, өөртэйгөө ч яримааргүй санагдах үе тохиолдож байсан. Тийм үед уран зохиолын ном зааж зөвлөх бус намайг чин сэтгэлээсээ ойлгож байгаа мэт мэдрэмжийг өгөн хань болдог доо. Шууд зааж зөвлөдөг хүнээс илүү намайг ойлгож, “чи ганцаараа биш шүү” хэмээн халуун дотно мэдрэмж төрүүлдэг. Заримдаа урам зориг өгч, заримдаа зүгээр л тэврэн тайтгаруулах найз бол ном юм.
- Сүүлийн үед хүмүүс ном унших нь багассан санагддаг. Ном
унших дадал бий болгоход юу хийх хэрэгтэй вэ?
-Хүмүүсээс “ном уншихыг хүсдэг ч цаг байдаггүй”, эсвэл “ном уншихаар л нойр
хүрээд байдаг” гэж зөндөө сонссон. Гэхдээ ном уншихад олон цаг, онцгой нөхцөл
шаардахгүй. Хамгийн чухал нь өдөр тутмын амьдралын хэв маягтаа ном унших дадлыг
нэмэх хэрэгтэй. Дадал болгохын тулд хэт том зорилго тавилгүй, өдөр бүр ганцхан
нүүр ч гэсэн тасралтгүй унших нь чухал юм. Хаашаа ч явсан ном цүнхлээд явах
хэрэгтэй. Бидний анзааралгүй өнгөрөөдөг үед ном унших цаг их гардаг. Миний
хувьд зам түгжрэх, ямар нэгэн юм хүлээн зогсох цагийг ном унших хамгийн
тохиромжтой мөч гэж боддог. Уйдахгүйгээр цагаа хурдан өнгөрөөх арга гэсэн үг юм.
Ном бага багаар уншсанаар хүн өөрийн дуртай төрлийн номоо олох боломжтой. Шууд
л сонирхолтой номтой таарах амар биш болохоор өөрийн сонирхолд нийцэх номтойгоо
учрах хүртлээ бууж өгөлгүй уншаарай. Хүн өдөр бүр хоол идэж биеийн энергиэ авдаг
шиг ном бол тархины тэжээл юм шүү.
Ярилцсан Т.Хулан
Связанные новости

