Татварын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-15 09:59:41

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, санхүүгийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, тэдгээрийн харьяа газрууд, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо оролцож, төсвийн төслөө танилцуулав.


Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Тавинжил, ирэх оны төсвийг иргэн төвтэй, иргэдийн оролцоог ханган, зардал хэмнэж, бизнесийн орчныг дэмжихэд чиглэсэн бодлого баримтлан боловсруулж буйг онцолжээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сараас иргэд, олон нийтээс санал авах ажлыг үе шаттай хийсний дүнд шинэ 1232, үргэлжлэх 480 гээд нийт 1712 төсөл, хөтөлбөрийн санал нэгтгээд байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт татварын шинэчлэлийг тусгасан. Сангийн яам 2026 онд татварын ачааллыг үе шаттай багасгах, татварын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарна. Мөн гадаад, зээл тусламжаар хэрэгждэг төслүүдийг ач холбогдол, үр ашгаар нь эрэмбэлж, хэмнэлтийн зарчмыг баримтлан, Эрдэнэбүрэнгийн УЦС, Улаанбаатар хотын дэд бүтэц гэх мэт гэрээ, хэлэлцээрийг нь хийсэн төслийн ашиглалтыг нэмэхээр тусгасныг хэллээ.



Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 90 орчим хүн оролцон, улсын төсөв, түүний хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, яамд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах, И-баримтын суурийг өргөжүүлж, зах худалдааны төвүүд баримт өгдөг болгох, даатгал, татварын хуулийг аж ахуйн нэгжүүдэд ээлтэй байдлаар шинэчлэх, Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.


Танхимын хэлэлцүүлэгт оролцогчдоос цаасаар санал авч, нэгтгэн дүгнэхийг Сангийн яам мэдээлжээ. 

Связанные новости