К.Алькарас Цинцинаттигийн тэмцээнд түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны наймдугаар сарын
19 /РИА Новости/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник
Синнер АНУ-ын Цинциннати
хотод болж буй “Мастерс” цувралын тэмцээний финалын тоглолтын явцад эрүүл
мэндийн байдлаас шалтгаалан цаашид тоглох боломжгүй болжээ.
Энэ тоглолтод дэлхийн чансааны 2
дугаарт бичигдэж буй Испанийн теннисчин Карлос Алькарас эхний сетэд 5:0 харьцаагаар
давамгайлж байв. Мэргэжлийн теннисчдийн АТР холбооны ивээл дор болдог
тэмцээнүүдэд хоёр тамирчин 14 удаа хоорондоо
учраа таарснаас Алькарас ийнхүү 9 удаагаа хожиж, 9,2 сая долларын
шагналын сантай Цинциннатигийн тэмцээний аварга боллоо. Ингэснээр тэрбээр энэ улиралд зургаан тэмцээнд,
тамирчны замналдаа 22 тэмцээнд түрүүлж байна.
Харин өдгөө 24 настай Синнер
өнгөрсөн 2024 онд Цинциннатигийн “Мастерс”-т түрүүлсэн бөгөөд энэ улиралд Их дуулгын
хоёр тэмцээнд аваргалжээ. Нийтдээ тэрбээр АТР-ийн 20 тэмцээнд түрүүлсэн юм.
Өдгөө 22 настай Алькарас 2022 ба
2023 онуудад нийтдээ 36 долоо хоногийн туршид дэлхийн чансааг тэргүүлж байсан
бол одоо 2 дугаарт бичигдэж байна. Тэрбээр АТР-ийн 22 тэмцээнд аваргалж, Их
дуулгын 5 тэмцээнд түрүүлжээ. Мөн Парис-2024 Олимпын наадмын ганцаарчилсан
төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.