ХОВД: Яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг нэгдсэн 112 дугаарт шилжүүлэх талаар ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-12 18:54:38

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газраас яаралтай тусламжийн 101, 102, 103 дугаарыг олон улсын жишгийн дагуу нэгдсэн 112 дугаарт шилжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж буй. 


Энэ хүрээнд тус газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяраар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.  


Тус ажлын багийнхан энэ сарын 11-нд  Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзлаа. 

 

Уулзалтаар яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах талаар ярилцав. Мөн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг камерын хяналтын төвтэй уялдуулах, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм. 


Яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаартай болсноор ямар ч үед, хаанаас ч цагдаа, түргэн тусламж, гал түймрээс хамгаалах үйлчилгээг шуурхай авах боломжтой. 



Связанные новости