Өмнөд Солонгосын тал АНУ-аас байгалийн хий нэмж худалдаж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 26 /Yonhap/. Өмнөд Солонгос 2028 оноос эхлэн 10 жилийн хугацаанд АНУ-аас жил бүр 3.3 сая тонн шингэрүүлсэн хий нэмж худалдаж авна гэж “Korea Gas Corp” компани /KOGAS/ өнөөдөр мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хийсэн анхны дээд хэмжээний уулзалтын дараа Вашингтонд болсон Өмнөд Солонгос, Америкийн бизнесийн дугуй ширээний уулзалтын үеэр “KOGAS” компани дэлхийн эрчим хүчний ханган нийлүүлэгчид, тэр дундаа “Trafigura” компанитай худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээнд заасан хэмжээний байгалийн хийг Техас болон бусад бүс нутагт дэлхийн эрчим хүчний “Cheniere” фирмийн хариуцдаг байгалийн хийн төслүүдээс нийлүүлэх болно гэж компанийн төлөөлөгчид мэдээлжээ.
Өмнөд Солонгосын
бараанд ногдуулах харилцан татварын хувь хэмжээг 25 хувиас
15 хувь болгон бууруулах шийдвэрийг АНУ-ын эрх баригчид гаргасны хариуд Сөүл
ирэх дөрвөн жилийн хугацаанд 100 тэрбум ам.долларын өртөг бүхий Америкийн эрчим
хүчний бүтээгдэхүүнийг худалдан авах амлалтыг өнгөрсөн сард өгсний дараа дээрх
гэрээг байгуулж байна.
2028 оноос хойших Солонгосын эрчим хүчний импортын тендерийн дүнгээр шинэ урт хугацааны гэрээг байгуулсан гэж KOGAS мэдэгджээ. Энэхүү гэрээ нь KOGAS-т Ойрх Дорнодод төвлөрсөн импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхэд тусална гэж тус компани тайлбарлажээ. Катараас жилд 4.92 сая тонн хий импортлох KOGAS-ын гэрээ өнгөрсөн онд дуусгавар болсон бол тус компани жилд 2.1 сая тонн байгалийн хий импортлох гэрээг 2026 онд байгуулах ажээ.
KOGAS-ын
гүйцэтгэх захирал Чой Ён Хэ хэлэхдээ, шинээр гэрээ байгуулснаар байгалийн хийн
нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд импортын эх үүсвэрийг
төрөлжүүлэх, байгалийн хийн үнийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бидний хүчин чармайлт үр дүнгээ өгч байна гэлээ.