Боксчид Ливерпүүл хотыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нд Английн Ливерпүүл хотод эхэлнэ.
10 хоног үргэлжлэх энэхүү тэмцээнд 60 гаруй орны 500 орчим боксчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчез нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр таван боксчин оролцохоор өнөөдөр хилийн дээс алхлаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүдээс 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Г.Лундаа, 65 кг-д Б.Мишээлт, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар рингэнд гарна. Тэмцээн энэ сарын 4-нд эмэгтэйчүүдийн 48, 51, 75, эрэгтэйчүүдийн 55, 65, 70 кг-ын жингийн тулаанаар эхлэх юм.
Сонирхуулахад, Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 16 медаль хүртсэн юм. Анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан билээ. Тэгвэл хамгийн сүүлд гавьяат тамирчин Б.Чинзориг 63.5 кг-д мөнгө, Б.Мишээлт 67 кг-д хүрэл медалиар энгэрээ мялааж байв. Харин ДАШТ-ээс цор ганц удаа алтан медаль хүртсэн нь 2009 оны ДАШТ бөгөөд Италийн Милан хотод болсон тус тэмцээнээс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байлаа.