Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-02 08:43:36

ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Бээжин хотод болох цэргийн парад зэрэг үйл ажиллагаанд оролцохоор тусгай галт тэргээр даваа гарагт Умард Солонгосоос хөдөлсөн байна. Лхагва гарагт болох уг парад нь Дэлхийн II дайны төгсгөлд Хятадын арми Японыг ялсны 80 жилийн ойд зориулсан парад гэж Хятадын албаны хүмүүс мэдэгджээ.


Ким Жөн Уныг Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй болон эрх баригч Хөдөлмөрийн нам болон засгийн газрын бусад өндөр албан тушаалтан дагалдан явсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Ким Жөн Ун, Чой Сон Хуй болон бусад албаны хүмүүс галт тэрэгний бүхээгт ярилцаж байгаа нь гэрэл зургуудаас харагдана.


Ким Жөн Уны хувьд энэхүү айлчлал нь 2019 оны нэгдүгээр сараас хойш Хятадад хийж буй анхны айлчлал юм. Холбогдох албаныхан түүний айлчлалын хөтөлбөрийг хараахан зарлаагүй байгаа боловч тэрбээр Бээжинд ирснийхээ дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах төлөвтэй байна.


Ким Жөн Ун энэ удаагийн айлчлал нь Хятад улстай харилцах харилцаагаа сайжруулахад тус дөхөм болно хэмээн найдаж байгаа бололтой. Сүүлийн үед хоёр талын харилцаа хурцадсан гэдгийг зарим шинжээч хэлж байна.


Түүнчлэн Ким Жөн Ун бусад улс орны төрийн тэргүүн нарын хамт олон улсын тавцанд гарах гэж буй нь тун ховор тохиолдол юм. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг бусад удирдагчтай уулзах эсэх нь олны анхаарлыг татаж байна. 

Связанные новости