ШХАБ-ын гишүүн орнууд Тяньжины Тунхаглалыг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-01 16:06:46

ТЯНЬЖИН, 2025 оны есдүгээр сарын 1 /РИА Новости/.  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас “Тяньжины Тунхаглал”-ыг баталж, тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.


Тунхаглалын үндсэн үзэл санаануудыг товчлон сийрүүлвээс:


  • Аюулгүй байдал ба тогтвортой байдалд заналхийлж буй геополитикийн сөргөлдөөн, сорилт, аюулууд дэлхийн даяар, тэр дундаа ШХАБ-ын бүс нутагт улам бүр хурцадсаар байна. Оролцогч улс орнууд нэг талыг барьсан өрөөсгөл албадлагын арга хэмжээнүүдийн эсрэг, тэр дундаа эдийн засгийн шинжтэй арга хэмжээнүүдийг эсэргүүцнэ.


  • Мөн Ираны эсрэг чиглэсэн Израил ба АНУ-ын цохилтууд, Газын зурваст хүний амь эрсдэж, хүмүүнлэгийн хямрал үүсгэж буй үйлдлүүдийг ШХАБ-ын зүгээс зэмлэн буруушааж байна. Палестины асуудлыг шударгаар зохицуулснаар Ойрх Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг хангах боломжтой гэж дээд хэмжээний уулзалтад оролцогчид үзлээ.


  • ШХАБ-ын гишүүн орнууд аливаа асуудлыг эвслийн, сөргөлдөх хандлагаар шийдвэрлэхийг үгүйсгэсэн байр сууриа илэрхийлж байна. Олон улсын харилцааны тогтвортой хөгжлийн үндэс бол дотоод хэрэгт үл оролцох, хүч үл хэрэглэх зарчмууд мөн.


  • Дэлхийн II дайны талаарх түүхэн дурсамжийг нандигнан хадгалах хэрэгтэй. Нацизмын үзэл санаа, үйл олноор хоморголон устгах явдлыг зөвтгөх оролдлогууд, түүнчлэн ялалтын ач холбогдол ба фашизмын бутниргэхэд ард түмнүүдийн оруулсан хувь нэмрийг үгүйсгэн гажуудуулах аливаа үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.


  • Гишүүн орнууд ШХАБ-ын хөгжлийн 2035 оны хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн зөвшилцсөн байна.


  • ШХАБ-ын орнуудын аюулгүй байдалд учирч буй сорилт, аюулыг сөрөн зогсох зорилго бүхий Олон талт  ажиллагааны нэгдсэн төвийн тухай болон Хар тамхитай тэмцэх төвийн тухай хэлэлцээрүүдийг баталлаа. Мөн 2030 он хүртэлх хугацаанд эрчим хүчний салбарт хамтран ажиллах замын зургийг баталжээ.  


  • Уулзалтад оролцогчид сансрын орон зайг аливаа төрлийн зэвсгээс ангид байлгахын төлөө, мэдээлэл-харилцааны технологийн салбарыг цэрэгжүүлэхийн эсрэг байгаагаа нотоллоо.


  • ШХАБ-ын гишүүн улсууд терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийн эсрэг хамтын тэмцлээ үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв.


  • Афганистаныг тусгаар тогтносон, төвийг сахисан, энх тайванч улс болгохын төлөө байгааг Тунхаглалд тэмдэглэжээ. 
Связанные новости