Ким Жөн Ун Орос, Хятадын удирдагчдын хамт цэргийн парад үзлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 3 /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Бээжин хотноо болсон цэргийн парадын төв хэсэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай мөр зэрэгцэн зогссон нь Пёньян, Москва, Бээжингийн удирдагчдын сүүлийн 66 жилийн хугацаанд хийсэн анхны ийм төрлийн уулзалт боллоо.
Тянь Ань Мэний талбайд Ким Жөн Ун В.Путин, Ши Жиньпин нарын хамт зогсож буй нь барууныхны эсрэг гурван талын эв санааны нэгдлийн томоохон илэрхийлэл болжээ. Хар өнгийн хослол өмсөж, алтан шаргал зангиа зүүсэн Ким Жөн Ун үйл ажиллагаа эхлэхээс өмнө Тянь Ань Мэний талбайд дэвссэн улаан хивсэн дээгүүр гол хаалгыг чиглэн алгуурхан алхсан байна.
Үүний дараа Ши Жиньпин түүнийг талбай дээр угтан авч, индэр рүү явахаасаа өмнө В.Путин зэрэг бусад улс орны удирдагчидтай гар барин мэндчилжээ. Ши Жиньпиний хувьд Ким Жөн Ун, В.Путин нартай бусад удирдагчтай харьцуулахад илүү удаан мэндчилж, тэдний мөрөнд хөнгөхөн хүрч ойр дотно байдлаа илэрхийлсэн байна.
В.Путин индэр рүү явах замдаа Ши Жиньпиний баруун талд, харин Ким Жөн Ун түүний зүүн гар талд алхсан бөгөөд тэд үе үе хоорондоо инээмсэглэн ярилцаж байв. Улмаар гурван удирдагч индэр дээр зэрэгцэн ирж, Хятад, Орос, Умард Солонгосын эв нэгдлийг харуулсан түүхэн мөчид найрсаг яриа өрнүүлжээ. Хятадын тал Японыг ялсны, мөн Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Тянь Ань Мэний талбайд болсон ёслолын парадын үеэр тэд зэрэгцэн суусан байна.
Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен, Хятадыг үүсгэн байгуулагч Мао Зэдун, ЗХУ-ын Ерөнхий сайд асан Никита Хрущёв нар 1959 онд уг талбай дээр болсон ижил төстэй цэргийн парадыг хамтдаа үзсэнээс хойш 66 жилийн дараа социалист гурван улсын удирдагчид анх удаа уулзсан нь энэ юм.
Ким Жөн Уны хувьд олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаанд оролцож буй анхны тохиолдол бөгөөд олон талт дипломат тавцан дээр зогсож буй түүхэн мөч болж байна. Хятадын цэргийн парадыг биечлэн үзэхээр түүний ховорхон гаргасан шийдвэр нь Хятадтай уламжлалт ойр дотно харилцаагаа сэргээж, олон жилийн турш хадгалагдаж ирсэн сөрөг имижийг арилгах гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна.
Өмнөд Солонгосоос Үндэсний Ассамблейн дарга У Вон Шик энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Ким Жөн Унтай богино хугацаанд ч гэсэн уулзаж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна.
Гурван талт дээд хэмжээний уулзалт хийх магадлал бага хэвээр байгаа боловч Ким Жөн Ун Хятад, Оросын удирдагчидтай тус тусдаа дээд хэмжээний уулзалт хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба таамаглаж байна.
Ким Жөн Ун Бээжинд хувийн хуягт галт тэргээрээ мягмар гарагт хүрэлцэн ирсэн бөгөөд түүний өв залгамжлагч хэмээн таамаглаж буй охин Жү Э нь түүнийг дагалдан иржээ.