ЗАВХАН: Малын тэжээл, үр тарианы тариалалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-03 14:12:08

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ онд газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оныхоос 18.7 хувиар өссөн тухай Завхан аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Цэцэгжаргал ярилаа.


Ялангуяа малын тэжээл болон үр тарианы тариалалт өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд үр тариа 2.791 га талбайд тариалж байсан бол энэ жил 3.307 га-д тариалалт хийсэн. Малын тэжээлийг өнгөрсөн онд 4.984 га талбайд тариалж байсан бол энэ жил 6.011 га-д тариалсан. Үр тариа, малын тэжээлийн ургац хураалт эхлээгүй байна.


Энэ жил төмс 169.59 га-д, хүнсний ногоо 138.1 га талбайд тариалсан, төмс хүнсний ногооны түүвэр хураалт эхлээгүй байна. Энэ жил төмс, хүнсний ногооны үнэ зах зээл дээр кг тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгджээ. Жишээлбэл төмс 1 кг нь 2500-3000 төгрөгөөр, хүнсний нарийн ногоог 1 кг нь 3800-4000 төгрөгөөр зах зээлд борлуулж байна.


Завханы брэнд улаан хальст саримс нь газар зүйн онцлогтой ургадаг ногоо. Аймгийн хэмжээнд Улиастай, Алдархаан сумдад улаан хальст саримсыг тариалдаг. Энэ жил Улиастай суманд 39 тариаланч 14.21 га, хоёр аж ахуйн нэгж 3.2 га талбайд саримс тариалсан. Алдархаан суманд 11 тариаланч, иргэн 5.4 га талбайд саримс тариалсан байна. Улаан хальст саримсны ургац хураалт аймгийн хэмжээнд 70 гаруй хувьтай байна. Улаан хальст саримсны эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд жил бүр тогтворгүй, үнэ нэмэгдэх, олдоц ховор байдаг. Саримсны ургац хураалтын ид үед тариаланчид зах зээл дээр кг тутмыг нь 50-65 мянган төгрөгөөр борлуулж байна. 


Улаан хальст саримс анх 1900 төгрөгөөр борлуулдаг байхад худалдаж авах хүн олддоггүй байсан тухай тариаланчид ярьж байна. Улаан хальст саримс нь намар 50 мянга орчим төгрөг, харин өвлийн улиралд нэг кг нь 70 мянган төгрөг хүрдэг. 

Связанные новости