ЗАВХАН: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж зүс хур тунадас буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-08-01 17:04:18

Улиастай, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт газар нутгийн 59.3 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн байгаа талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.


Цөлжилтийн зэргээр үнэлэхэд сул зэрэглэлд нийт газар нутгийн 48.6 хувь, дунд зэрэглэлд 9.6 хувь, хүчтэй зэрэглэлд 1.1 хувь нь өртөөд байна.


Цөлжилтөд өртсөн газрын сул зэрэглэлд 89.1 хувь, дунд зэрэглэлд 5.7 хувь, хүчтэй зэрэглэлд 0.6 хувь байна. Тус аймагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зүс хур тунадас буурч, аадар хур тунадас нэмэгдсэнтэй холбоотойгоор хур тунадасны хэмжээ эрс нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь хур тунадастай хэдий ч хөрсөнд бүрэн шингэхгүй үер усны аюул нэмэгдэж байна. Ган гачгийн тоо эрс нэмэгдэж байна.


Монгол Улсад, гангийн давтамж жилд хоёр хувиар нэмэгдэж байгаа бол 2045-2060 оны үед ган гачгийн давтамж 10-25 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна.


Завхан аймгийн нутаг дэвсгэр, ган цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор манайх цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох сэргэх чадварыг дэмжиж байдаг эерэг талтай юм.


Завхан аймаг 2008 оноос эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хийж эхэлсэн. Энэ жил гэхэд нийт 10 удаагийн үйл ажиллагаа явуулсан байна. Цөлжилтийг бууруулахын тулд бэлчээрийн болон таримал ургамлын гарцыг нэмэгдүүлэх. Мал аж ахуйн салбарт өвөлжилт, хаваржилт, бэлчээрийн даац багтаамжийг хүрэлцээтэй байлгах, таатай нөхцөлийг бүрдүүлэхэд тодорхой судалгаа мэдээллийг бэлтгэж бусад салбарынхантай хамтран ажиллаж байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Связанные новости