Ази, Номхон далайн бүсийн 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-04 15:15:56

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг зохион байгуулж байна.


Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаас өнөөдрийн сургуулилтад 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд 15 баг болж  серверийн доголдлыг сэргээх, кибер халдлагыг илрүүлэх болон урьдчилан сэргийлэх бодит сорилт дээр өрсөлдөж, туршлага хуваалцав. Уг сургуулилтад манай улсаас 16 кибер аюулгүй байдлын мэргэжилтэн оролцож, багийн бүрэлдэхүүнд идэвхтэй оролцож, олон улсын түвшинд ур чадвараа харуулж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээний шилдэг багууд маргааш тодорно.

 

“Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг Монголд зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлага, хариу арга хэмжээ, хамгаалалтын шинэ шийдлийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлж таслан зогсоох ур чадварыг сайжруулах, бодлого, менежментийг улам боловсронгуй болгох боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг олон улсад танилцуулж, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.



Связанные новости