Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 12:18:23

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн X форумд оролцож байна.


Форумын үеэр ОХУ-ын Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын асуудлыг бүхэлд нь шийдэх өргөн хүрээтэй олон талт салбар хуралдаанууд, дугуй ширээний уулзалт, телевизийн ярилцлага, мэтгэлцээн, бизнес-хамтын ажиллагааны яриа хэлэлцээрүүд зохион байгуулдаг. Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Владивосток хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Олон улсын тээврийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Игорь Евгеньевич Летивин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан юм.


Уулзалтаар талууд Монгол-Орос хоёр улсын тээврийн салбарын талаар санал солилцож, хамтран ажиллах боломжийг хэлэлцэн, тээврийн салбарт тулгамдаж буй зарим асуудлыг хамтран шийдэх тухай ярилцав. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа төмөр зам, авто болон агаарын тээвэр, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн талаар санал солилцлоо.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Олон улсын тээврийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Игорь Евгеньевич Летивин Зам тээврийн инженер мэргэжилтэй бөгөөд 2004 онд ОХУ-ын Тээвэр, холбооны сайд, 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, 2024 оны 5 дугаар сараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Олон улсын тээврийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгчөөр дахин томилогджээ. 

Связанные новости