Хятадад экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотод уулзлаа.
Уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг онцолж, энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгожээ. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүлсэн байна.
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй гэж хэлэв.
Уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг урагшлуулахын чухлыг талууд онцолсон байна.


Связанные новости
Ulaanbaatar