М.Мөнхзул: Сурах үйлсийг нь дэмжиж сурагч бүрийг номтой болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бүрэгхангай сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан М.Мөнхзултай ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил хэрхэн эхэлж байна вэ?
-2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд багачуудынхаа сурах их үйлсэд хувь нэмэр оруулж Ерөнхий боловсролын сургуулийн 33 сурагчид 3 сая 300 мянган төгрөгийн иж бүрэн хичээлийн хэрэгслийг сумын удирдлагуудтайгаа гардуулан өглөө.
-Сурагчдын сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлж буй арга туршлагаасаа хуваалцах уу?
-Манай сум төдийгүй улс даяаараа л сурах бичгийн дутагдалтай байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, хүүхдүүдэд яаж ном олж өгөх үү гэж их бодсон. Би саяхан 33 хүүхдийн хичээлийн хэрэгслийг сумаас авхуулчихсан болохоор өөрөө зохицуулъя гэж шийдсэн. Тэгээд ЗДТГ-ын Ц.Мөнхтулга даргад учир байдлаа хэлэхэд, “Өө бололгүй яах вэ, хүүхдийн сурах үйлсэд дэмжлэг болгоод 2 багцыг шийдээд өгье гэлээ. Мөн төсөв төрийн сангийн мэргэжилтэн М.Батцэнгэл эгч сайхан санаачилга байна, 1 багцыг нь аваад өгье, Жинст дэлгүүрийн эзэн М.Хишигжаргал, Б.Сувд-Эрдэнэ хоёр мөн л зөвшөөрсөн тул урам зоригтойгоор төрийн байгууллага аж ахуйн нэгж, найз нөхдийн нэр жагсаагаад утас цохиж эхэлсэн дээ
-Одоо хэдэн багц номтой болоод байна вэ?
-Одоогоор 20-иод номын багцын мөнгөө цуглуулаад сургуулийн номын санч дээрээ очиж номын захиалгаа хийх гээд сууж байна.
-Танай сургуулийн сурах бичгийн номын хүртээмж хэдэн хувьтай байна?
-Манай сургуульд 386 хүүхэд суралцдаг. Үүний 196 хүүхэд бага ангид,. 6-12 дугаар ангид 191 хүүхэд суралцдаг. Бага ангийн сурах бичгийг 100 хувь хангалттай тараасан байгаа.
Харин 6-10 дугаар ангийн хүүхдүүдэд түрээсийн сурах бичиг 40 гаруй хувьтай тараасан. 11,12 дугаар ангийн сурагчдад шинээр сурах бичиг авч байгаа номын багц үнэ 94000-129000 төгрөгийн үнэтэй байна.
-Та хэдэн багц ном олохоор зорьж байна вэ?
-Ер нь ахлах дунд ангийн хүүхдүүдийн 45.5 орчим хувь нь номтой учир үлдсэн 54.5 хувийг номтой болгохыг зорьж байна .
Энэ номоо дараа дараагийн ангидаа дамжуулан ашиглах тул их үр өгөөжтэй ажил болж байна хэмээн ярих Бүрэгхангай сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан М.Мөнхзул тусалж дэмжиж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад баярлаж буйгаа ярилаа.